Tuesday, June 19, 2012

Хувь заяаны цадиг 1-р боть

                       I. ӨӨД ТАТСАН ХАЙР
              Авралын дээд манжширт мөргөе.
              Ариун гэгээн хуврагад мөргөе.
              Арван буянт номд мөргөе.
              Ачит сайн эхдээ мөргөе.
Хязгааргүй баян хорвоод хэмжээлшгүй их ухаантай хүн заяажээ. Хорвоогийн цорын ганц гайхамшиг бол хүн юм. Хүн шиг эрх дураараа, энхрий хонгор амьтан байхгүй. Хүн үзэсгэлэн гоогоороо эгнэшгүй, бүхнийг эзэгнэх чадлаараа гайхмаар, бүхнээс хүчирхэг билээ.
Хүнийг зөвхөн хүн л хайрлаж чадна. Хүн хүнээ хайрлах ухаан хязгааргүй, юутай ч зүйрлэшгүй ариун нандин гэдгийг эрхэм уншигч та юуны эс андах вэ? Хайр хүнийг төрүүлдэг.Бид бусдын хайр халамжаар өсөж, өндийсөн хэмжээгүй аз заяатай хүмүүс билээ. Манай баатар ч тийм азтай хүмүүсийн нэг гэдгийг би дурдахыг хүсэж байна. Авъяас билэг төгөлдөр зохиолчид хүний хамаг сайн сайханыг шингээн цогцлуулсан хэдий ч атаархал төрөхүйц баатрыг хичээнгүйлэн зурж сийлдэг юм. Би энэ ёсыг зөрчихгүй ч манай баатар бусдаас ялгарах ялихгүй онцлогтой гэдгийг би зоригтой хэлж чадна. Хамгийн наад зах нь манай баатар үсээ үргэлж гөлчийтөл хусуулж явах дуртай хүн байгаа юм. Чи ямар хачин амьтанг бидэнтэй уулзуулж байгаа юм бэ? Ийм баатартай бид хэзээ ч тааралдаж байгаагүй юм сан. Одоо ч хачин юм их эрээчих болжээ гэж эрхэм авгай та гайхах нь мэдээж. Манай баатар голдуу хөх даалимбаар дээл хийж өмсөх дуртай бөгөөд элэгдэж цоорвол цэвэрхэн гэгч нөхөөс тавина. -Чи баатартаа дэндүү хайхрамжгүй хандаж торго дурдан ч өмсгөхгүй яасан нарийн амьтан бэ? гэж намайг бүү зэмлээрэй. -Гадаад хувцасанд хүртэл нөхөгч нь хамт ирдэг юм. Бид дээл хувцасаа нөхөж өмсөлгүй яахав гэж манай баатар надад дотночлон зөвлөсөн юм шүү. Нээрээ ч тийм шүү гэж уриалгахан зөвшөөрснөө илэн далангүй хэлье. Уг нь би баатраа торго дурдангаар хулдаж, алт мөнгөөр чимэглэе гэвэл хялбархан байсан гэдгийг та нар юун эс андах вэ? Ер нь даруухан хувцаслах нь зүйтэй гэж бид хоёр тохиролцсон юм шүү гэдгийг та бүхний сонорт айлтгая. Нэлээн ч ухаан төгс, алдар хүнд бүрэн эрхэм авгай та хүн бүхэн гоёж гоодох үед арай ч дэндүү даруухан амьтанг дагуулж авчирлаа гэж ихэд цухалдаж байгааг би ойлгон түмэн бурууг минь өршөөн хэлтрүүлэхийг сөгдөн гуйя. -Би ч бас энэ хүнтэй гэнэт учрахдаа хязгааргүй баян амьдралын алдаа сонин учрал дундуур хамт явах уу яахав гэж баахан сонжин харахдаа холын аянд явахад алзахгүй юм байна гэж бат шийдсэн юм. Учир нь энэ хүн туйлын тусархаг, бусдад үйлчлэхийн жинхэнэ үлгэр дуурайллыг үзүүлж чаддаг учир намайг ээдрээтэй элдэв явдал дунд мунгинах үед лав ганцаардуулж хаяхгүй юм байна гэж итгэсэн билээ. Манай баатар хүний үгэнд дэндүү оромтгой дэндүү итгэмтгий гэдгийг нэмж хэлье. Иймээс ч миний үгэнд орж намайг дагаж дэмий тэнэхээр зориглоод байгаа юм. За ингээд би үсээ гөлчийтөл хусуулж, тохой дээрээ үхрийн тойгын чинээ нөхөөстэй хөх тэрлэгтэй, хуучин ногоон даалимбан бүстэй, зулаг нь халцарсан монгол гуталтай баатраа та нарын өмнө хөтөлж авчирлаа. За танилцацгаа нэр нь Мянган. Мянганыг нутгийнхан нь андахгүй бөгөөд түүний нэрийг сонсмогц хэн боловч сэтгэл тэнэгэр инээмсэглэцгээж манай Мянган гэж бахархацгаадаг юм. Та яасан уриалгахан тусч хүн бэ? гэхэд та яасан хачин юм хэлдэг юм бэ?. Би хийх ёстой юмаа хийж байна шүү дээ гэж Мянган хэлнэ. Мянганы сургийг дуулсан хүмүүс түүнтэй уулзмагц хүндэтгэн, энэ хүний эгэл даруу байдал тусч сайхан санааг нь бишрэн гайхацгаадаг билээ. Хол нутгийнхан нөгөө хачин хүн явна гэж шуугилдаж, үзээгүй нь асууж сураглаж манай нутагт нэг тийм хүн байдаг болоосой гэцгээнэ. Хүний төлөө, нийгмийнхээ төлөө тавих анхаарал халамж хэзээ ч багаддаггүй гэдгийг энэ хүн бүхий л амьдралаараа харуулж биеэрээ үлгэрлэж үзүүлнэ. Эх орон гэдэг эгэл нэгэн чулуунаас эхэлдэг, сөөм газрынхаа төлөө эр цэрэг эрсэддэг гэж эх орны алтан гургалдайнууд магтан дуулдаг тэгвэл их бүтээн байгуулалт эгэл жирийн ажил үйлсээс бас эхэлдэг гэж энэ хүн ойлгодог юм. Сайн хүнийг төрүүлэх гэвэл сайн хайр, сайхан халамж хэрэгтэй ажээ. Мянган ээж дүү хоёртойгоо тулгын гурван чулуу шиг хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байжээ. Мянганг наймтай, дүү Зууннаст нь гуравтай байхад эх нь зуны нэг өдөр хонио саагаад домботой хүйтэн усаар духаа шавшиж суухдаа гэнэт ертөнцийн мөнх бусыг үзүүлэн хорвоогоос үүрд хагацан оджээ. Нэг гарын хуруун дээр хэдийг нэмж тоолмоор. Мянганд хамаатан садан байсан боловч нэг нь ч өнчин хоёр хүүхдийг өөд татахыг бодсонгүй. Ховдоос яваа замын нэг хүн дүүгий нь өргөж авлаа гэсэн нэрээр бараг булааж аваад алга болсон ажээ. Тэр хүн бол Хайдавтай хамт Захчин хүрээний Зодов ламын шавь явсан Баасан гэгч замын этгээд бөгөөд одоо улаан хамар Бандиа нэртэй яваа гэдгийг хэн ч мэдсэнгүй. Бандиа зориуд энэ нутгаас энэ хүүхдийг авсан нь бас л нууц учиртай байсныг хэн ч мэдэхгүй билээ. Мянган дахин өнчирч айлын хаяанд хоцров. Түүнд дөрвөн ханатай жижиг бор гэр, үргэлж цоожтой байдаг хоёр жижиг цоохор авдар, улаан ямаа голдуу хориод бог, араа ороолгуулж нэг алхдаг хэнгэрэг гэдэстэй хялман цагаан морь иймхэн хогшил хөрөнгө үлдсэн ажээ. Мянганг нэг голын Хайдав гэдэг өндөр хүн үрчлэн авч, хүн болгожээ. Битгий худал хэлж бай. Аливаа юманд шунаж болохгүй. Хүнийг дор гэлгүй тус болж яв. Хүнд тус болохоос илүү ач тустай зүйл гэж энэ хорвоод байдаггүй юм. Ажил хийвэл хийсэн шиг хий. Залхуурч болохгүй. Хар буруу санаж болохгүй. Битгий хүнд гомдож шаралх. Тэр хүн яаж харьцах нь хамаагүй. Чи л хүндэтгэж дээдэл. Газар бүү ширтэж яв. Бүсээ чанга бүсэлж дээгүүр харж яв гэх зэргээр сургаж яаж хоол идэж, хувцсаа өмсөж байгаа, алхаа гишгээ, яриа хөөрөө, хийсэн ажлыг нь нягтлан харж тэр дор нь засаж хэлсээр арван таван нас хүргэжээ. Харин Мянган сургуульд орж олигтой сурч чадаагүй учир долдугаар анги төгсөөд Хайдавын батлан дааснаар нэгдэлд элсжээ. Энэ нь гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачтай хэрэг болсон юм. “Шинэ зам” нэгдлийн зөвлөл буцалтгүй тусламж болгон хоёр бор эсгий гурван зуун төгрөг өгөхөд нөгөө ах дүүсийн нь нэг нь давхиж ирээд чи энэ их мөнгийг дэмий үрчихнэ гэж хэлээд аваад явжээ. Мянган миний ах дүүс одоо л надад санаа тавьж байна гэж баярласан гэдэг. Энэ мөнгө Дөргөн нуурын давалгаа уруу шидсэн зоос шиг сураггүй алга болчихсон юм. Хайдав сая өрх тусгаарлаж ээжийн нь барьж байсан жижиг бор гэрийг нь арваад жил хадгалж байгаад сая засаж сэлбэн барьж өгчээ. Мянган нэгдлээс тэр өвөл хоёр зуун сувай хонь авч Хайдавыг даган нутгийн олноо түшиж бор гэрээ шовойлгон будаатай цайгаа пурхийлгэн амьдрах болов. Малын бэлчээр бол малчин хүний хорвоог таньж мэдэх амьдралын талбар билээ. Мянган хязгааргүй баян тансаг, нүд алдам уудам хорвоогийн тэр талбарт хөл тэнцэж сэтгэл ариусан өссөн юм. Мянган эрийн цээнд хүрч хорвоогийн амьдралыг урьд өмнөхөөсөө илүү сонирхон ажиж өөрийн хэрээр ухаарч ойлгохдоо би яагаад, гэдэг асуулт тавьж түүндээ хариулж чадахгүй зовдог болжээ.Тэр хорвоод баттай тэнцсэн ч аз жаргалаас барьж авч чадаагүй л байлаа. “Шувуу ч гэсэн ижил ханьтай байхад би доён ганцаараа шүү дээ. Би муу эр болж төрсөн дор, муу эм болж төрөх минь яалаа. Тэгсэн бол ядахдаа нэг эр нь тоож чангаах байсан даа. Муу эрийг тоох эм хаа ч байхгүй шүү дээ” гэж боддог байжээ. Мянган нэгэн цагт хань нөхөртэй болохыг мөрөөдсөн хэд хэдэн даруухан бүсгүйчүүлийн анхаарлыг ихээхэн татаж байсан боловч өөрөө даанч тоохгүй өнгөрөөсөн түмэн буруутай билээ. Тэр даруйхан бүсгүйчүүл удалгүй хорвоогийн жам ёсоор бусдынх болсон нь тун оносон юм. Яагаад гэвэл мань эр хэзээ ч эхнэр авахгүй, тэр ч бүү хэл эмэгтэй хүнд ойртож шившигээ дэлгэхгүй гэж хатуу тангараглаад байсан юм. Мянганг хань ижил битүүхэн мөрөөдөж гуниглаж буйг Хайдав анхааран үзэж гэгээн ухаандаа таалан соёрхсон нь тун азтай хэрэг болсон юм. Тэр Сэрээнэн, Яндаг зэрэг хэдэн хашир өвгөчүүлтэй зөвлөлдсөний эцэст Мянганыг нутгийн нэгэн даруухан бүсгүйтэй гэрлүүлье гэж шийджээ. Энэ шийдвэр удалгүй авгайчуулын нууц зөвлөлгөөнөөр орж сайшаагдан батлагдаж зөвшөөрлийн гарын үсэг дурайтал зурагдаж Хустын голын ард Хайдавын гадаа өвч хэрэглэлтэй том цагаан гэр тэр даруй боссон юм. Мянган авгай авахгүй гэж зүтгэсэн боловч тэдний мэргэн арга, уран үгэнд бууж өгөхгүй хүн гэж хаана байх вэ дээ. Нутгийнхан эхлээд жижиг дөрвөн ханатай товхийсэн гэр төхөөрөхөөр шийдснээ сүүлдээ нэр төр байна гээд таван ханат босгосонтой адил хуримын ёслол гүйцэтгэе гэснээ бас больж аятайхан хурим хийхээр шийдсэн юм. Энэ нь зөв байлаа. Нэгдлээс бас гэр төхөөрөх, хурим хийхэд нь зориулж, мянган төгрөг буцалтгүй тусламж болгож өгчээ. Мянган хуучин цоохор авдраа уудалж дэвхийтэл нь боож хадгалсан таван мянган төгрөг гаргаж ирэхэд нь сайн санаат хүмүүс биднийх хүрэлцээтэй, харин наадхаараа чи “ түргэн“ унаа авч унаарай гэжээ. Таван ханатай цагаан гэрийн өрхийг татах даруухан бүсгүйг нутгийн заншлаар ёс төртэй очиж гуйхад эцэг, эх нь өнгөн дээрээ дургүйцэж, цаанаа ашгүй дээ заяаны нь хань байж дээ гэж залбирчээ. Хархүү хүүхэн хоёр бие биеэ зүс танихаас цаашгүй байсан учир нөхөр чинь хэн болохыг хүүхэнд, эхнэр чинь хэн болох гэж буйг хархүүд нь хэлж өгчээ. Тэр хоёр хэн хэн нь дуугүй толгой дохижээ. Товолсон өдөр хүүхнээ авахаар явах болоход Мянган би явахгүй гэхэд, тэгдэггүй юм өөрөө заавал очдог ёстой гээд аргадаж нэг үзээд аашилж бас ширүүлээд адаг сүүлд нь Мянганд хөх торгон дээл өмсүүлж, жороо бор морь унуулаад аваад явжээ. Мянган хадам болох хүмүүс, эхнэр болох хүүхнийхээ өмнө борооны дусал шиг асгарах хөлсөө ханцуйгаараа шудран дуугүй суухад нь эхнэр болох хүүхэн Сүрэнхүү нь нүдээ гартал гоёж гоодоод эхийнхээ хажууд монгол бүсгүйн цэвэр ичимхий аашийг харуулан сууж байлаа. Мянганд тэр хүүхэн лусын дагина шиг , Сүрэнхүүд Мянган үлгэрийн баатар шиг ханхар сайхан эр харагджээ. Бүх юм зүй зохисоороо болж Мянган эхнэрээ хөтөлж буцах нь Есүхэй баатар шиг Өөлүн үжинг булааж яваад буцаж яваа юм шиг бардам харагджээ. Хурим урд өмнө болж байгаагүй сайхан болж Жаргалантын голд ингэж нэгэн айл нэмэгджээ. Гэвч үр дүнд ялигүй нэг алдааг олж залруулсан нь тун зохимжтой болсон юм. Энэ нь гярхай авгайчуудын ажигласнаар эхнэр нөхөр хоёр анхны шөнөөс авахуулаад шөнө тус тусдаа унтаж байсан ажээ. Удалгүй энэ алдаа залруулагдсан нь сайн санаат хүмүүст ахиад тус дэмжлэг болсон гэдэгт эргэлзэхгүй байгаа билээ. Энэ айл хойтон нь хүүтэй болсон төдийгүй одоо гурван охин, хоёр хүүтэй өнөр өтгөн ам бүлтэй, аз жаргалтай айл болж нэгдэл нийгмийнхээ таван зуун шахам хонь маллаж сумын аварга болсон удаатай. Одоо тэр амьдралын хязгааргүй эрх чөлөө, хэмжээгүй аз жаргалыг эдэлж чин үнэнийг танин мэдэж ойлгожээ. Цаг хугацаа түүнд уужим саруул ухаан, эр зориг, хүч чадал, нэр төр, аз жаргал бүхнийг хайрлажээ.
Хэрвээ та тааш үргэлжлүүлэн уншихыг хүсвэл
Хувъ заяаны цадиг 5 дэвтэр романыг зарж байна.

1 comment: